Новости Сангхи
Вторник, 12 мая 2020 16:10

Бурхадын мутарлага

Санскрит хэлний mudra нь mud буюу (бурхдын) таалалд нийцүүлэх гэсэн утгатай үйл үгнээс гаралтай бөгөөд тамга, тэмдэг, дохио зангаа гэсэн утгатай.

Бурханы шашны нэр томьёонд бурхан болон бурхдын мутрын байрлал, дохио зангааг mudra хэмээн нэрлэдэг байна. Харин Монгол хэлнээ тэдгээрийг мутарлага гэх бөгөөд “гарын хүндэтгэл” буюу мутар гэдэг үгнээс үүсэлтэй.

Бурханы шашин дахь Их хөлгөний уламжлалд бидний мэдэх Язгуурын таван бурхдын мутрын тэмдэг илэрхийлэл болох таван мутарлагаас гучин зургаа болж бусад бурхдын дүрслэлд илэрхийлэгддэг.

1. Заах, ‘гэгээрлийн’мутарлага (Tib. byang-chub-mchog-gi phyah-rgya; Skt. bodhyangi-mudra) Энэхүү мутарлага нь Машид гийгүүлэн зохиогч — Вайрочана бурханы ялгагдах мутрын илэрхийлэл юм. Хоёр мутрыг зүрхэн тушаа барих бөгөөд зүүн мутрын долоовор хурууг гозойлгон, баруун мутрын хуруугаар атгана.

2. Батлах буюу Нотлох мутарлага (Tib. sagnon; Skt. bhumisparsha)
Газарт хүрэх буюу нотлох мутарлага хэмээдэг энэхүү байрлалыг баруун мутрыг доош сунган хурууны үзүүрээр газарт хүрч үйлддэг. Энэ нь бурхан багш гэгээрлийн хутгийг олж, бодь модны дор нүгэлт хар хүчийг дарсны нотолгоог бэлгэддэг мутарлага юм. Бурхан багшийг дүрсэлдэг уламжлалуудаас түүнийг ихэвчлэн газарт хүрэх мутарлага үйлдсэн буйгаар дүрсэлдэг байна. Мөн Язгуурын Таван Бурханы нэг болох Үл Хөдлөгч — Акчоба бурхан нь газар хүрэх мутрын тэмдэгтэй байдаг байна.

3. Өглөгийн мутарлага (Tib. mchog-sbyin-gyi; Skt. varada-mudra)
Өглөгийн мутарлага нь баруун мутрын алгыг гадагш эргүүлэн, хурууны үеийг үл ялиг нугалж, сунгасан байрлалтай. Энэхүү мутарлага нь амарлингуй дүртэй бурхдын дунд түгээмэл юм. Суугаа байрлалтай бурхад өглөгийн мутарлага үйлдэхдээ мутраа өвдгөн дээрээ тавьж, хүсэл биелүүлэгч эрдэнийн өглөг хайрлаж буйгаар алгаа нээсэн байрлалтайгаар дүрслэгддэг. Цагаан Дара эх, Цагаан Шүхэрт зэрэг бурхдын өглөгийн мутарлага нь алга тус бүрдээ билгийн мэлмийтэй байдаг байна. Энэ нь хамаг амьтанд үргэлжийн энэрэл нигүүлсэл хайрлахыг бэлгэддэг.

4. Залбирал үйлдэх мутарлага (Tib. thal-mo sbyar-ba; Skt. anjali, kritanjali )
Хоёр мутрын алгыг хавсран зүрхэн тушаа эсвэл духандаа барих нь namaskara-mudra буюу Энэтхэгийн хамгийн эртний мутарлагын нэг бөгөөд мэнд мэдэх, бишрэл, хүндлэл үзүүлэх дохио зангаа юм. Бурханы шашны уламжлалд залбирал үйлдэх мутарлагыг Жанрайсиг бурхны дүрүүд болон түүнийг дагагч шавь нар үйлдсэн байх нь бий. Жанрайсиг бурхны дөрөв, найм болон мянган мутартай дүрүүдийн залбирлын мутарлага үйлдэн мутрын алгыг хавсрахдаа хүсэл биелүүлэгч эрдэнэ барин буйгаар дүрсэлдэг байна.

5. Аюулгүйн мутарлага (Tib. mi-‘jigs-pa’I phyag-rgya, )
Баруун мутраар үйлдэгддэг энэ мутарлаг нь алгаа гадагш эргүүлэн, хуруунууд дээш чиглэсэн байрлалтай байна. Айх аюулгүйн мутарлага нь Буддагийн оршихуйн мөчлөгийн бүхий л аюулаас хамгаалахыг бэлгэднэ. Умард зүгт орших Амогасидхи (Amoghasiddhi) бурхны онцлог мутарлага. Эртний Христийн шашны урлагт Есүс Христ ижил гарын илэрхийллийг үйлддэг бөгөөд үүнийг magna manus хэмээн нэрлэнэ. Есүс Христ олон жил Энэтхэгт даяанчлан бурханы номыг судлаж, өөрийн сургааль номлолоо бий болгосон гэдэг ам дамжсан яриа бий...

6. Бясалгалын мутарлага (Tib. mnyam-bzhag phyag-rgya; Skt. dhyana-mudra)
Бясалгал, төвлөрлийн мутарлагыг зүүн эсвэл хоёр мутрын алгыг дээш харуулан, өвөр дээр тавин үйлдэнэ. Зөвхөн зүүн мутраар тус мутарлагыг үйлдэж буй тохиолдолд баруун мутраар өөр бусад мутарлаг үйлдэн хавсарсан утга санааг илэрхийлж болдог. Олон бурхад зүүн мутраараа бясалгалын мутарлага үйлдсэн байдаг нь тэдгээрийн тэнцвэртэй байдлын бэлгэддэг байна. Хоёр мутраар үйлдэгдсэн тохиолдолд баруун мутар нь заавал дээр нь байрлана. Энэ нь билиг төгс (зүүн) чанар нь арга төгс (баруун) чанарыг түшиж байдгийг бэлгэдэл юм. Баруун зүгт залран оршигч Амитаба буюу Цаглашгүй гэрэлт бурхан бясалгалын мутарлага үйлдэн буйгаар дүрслэгддэг.

7. Ном номлох мутарлага (Tib. chos-kyi ‘khor-lo’I phyag-rgya; Skt. dharmachakra-mudra)
Ном номлох мутарлага нь Бурхан багш анх хутагтын дөрвөн үнэний сургаалаа айлдсан буюу анх “номын хүрдийг эргүүлсэн” хэмээгдэх түүхэн үйл явдлаар үүсэлтэй. Тус мутарлагыг хоёр мутраар үйлдэх бөгөөд баруун мутрын алга гадагш эргэж, зүүн мутрын алга дотогш харна. Хоёр мутрын долоовор болон эрхий хурууны үзүүрүүдийг нийлүүлж дугуй хэлбэр үүсгэдэг нь арга билгийн нийлэмжээр хүрд үүсэхийг бэлгэднэ.
Бурхан багш, Майдар болон Энэтхэгийн их бандида Жову Балдан Адиша, Богд Зонхов нь мөн ном номлох мутарлага үйлдэн буйгаар дүрслэгддэг.

8. Баруун мутрын ном номлох мутарлага

Ном номлох мутарлагыг дан баруун мутраар үйлдэгдэж болдог байна. Баруун мутраар ном номлох мутарлага үйлдэн зүүнээрээ бясалгалын мутарлагатай хослон үйлдэх тохиолдолд энэ нь ‘эргэцүүлэх зангаа’ эсвэл ‘тайлбарлах зангаа’ гэнэ.

9. Аварч хамгаалах мутарлага (Tib. skyabs-sbyin-gyi phyag-rgya; Skt. sharanagamana-mudra)
Авран хамгаалах мутарлагыг баруун эсвэл зүүн мутраар үйлддэг. Дарь-Эх бурхан эсвэл Жанрайсиг бурхны дүрүүдэд түгээмэл. Тус мутарлагыг үйлдэхдээ мутрын алгыг гадагш эргүүлэн, дээш харуулах эсвэл хамгаалж буй айдсын зүгт чиглүүлэн алгыг доош харуулдаг байна. Хурууны байрлалын хувьд эрхий хурууны үзүүрийг долоовор, дунд, ядам хурууны аль нэгэнд хүргэж, дугуй хэлбэр үүсгэж харин үлдсэн гурван хурууг дээш өргөнө. Цагаан Дарь-Эх нь зүүн мутраар авран хамгаалах мутарлага үйлдэн, дэлбээлж буй цэцгийн иш барьсан байдаг нь хамаг амьтныг авран нигүүлсэхийг бэлгэднэ.

10. Занах мутарлага(Tib. sdig-mdzub; Skt. tarjani)
Долоовор хурууг дээш өргөсөн занах дохио. Энэхүү занах мутарлага нь дэгээ мэт хагас атгасан мутрын зөвхөн долоовор хурууг дээш өргөн үйлдэгддэг. Догшин дүртэй бурхдын дунд илүү түгээмэл бөгөөд ялангуяа номхотгон дийлэх барьцтай хамт дүрслэгдэнэ.

Авторизуйтесь, чтобы получить возможность оставлять комментарии